Д.Дамба-Очир Гашуун сухайт чиглэлд зам тавьж, Н.Амарзаяа найздаа тендер авч өгсөн үү
2018-05-25 10:57:09
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хаврын чуулганы эхэнд байгуулсан билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дэд ахлагчаар Д.Тэрбишдагва ажиллаж, гишүүдэд Л.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаж буй юм.
Ирэх зургадугаар сарын 25-ны дотор ажлын хэсэг санал дүгнэлтээ УИХ-д танилцуулах учиртай. Одоогоор гишүүд дэд ажлын хэсэгт хуваагдан, холбогдох асуудлаар мэдээлэл цуглуулах, нягтлах ажилтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах болоогүй, асуудал “шал түүхий” буй. Тийм байхад ажлын хэсгийн гишүүд хэвлэлүүдэд ам уралдан ярьцгааж, Оюутолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлж буй нь анхаарал татна.
Нөгөө талаас Эрчим сайд Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр тэргүүтэй гишүүд “Ажлын хэсэгт эрх ашгийн зөрчилтэй хүмүүс багтаалаа. Багийн бүрэлдэхүүнд анхаарсангүй” гэх шүүмжлэл ч тавиад амжсан. Төрийн гурван өндөрлөг Оюутолгойн гэрээний асуудлыг дахин нягтлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа энэ үед УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлт хэрхэн гарах нь ихээхэн хүлээлт дагуулж байгаа юм.
Тиймээс Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүд үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байж болох эсэх, тэд уг асуудлаар ямар байр суурьтай байгааг дараах байдлаар бэлтгэн хүргэж байна.
 
НЭГ: Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮНИЙ “ОЧИР ТӨВ” ХХК ОЮУТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТАВЬЖЭЭ
 
Зам, тээврийн хөгжлийн яамны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр Д.Дамба-Очир гишүүний “Очир төв” ХХК, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” ХХК-иуд Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн 85.5 км замыг 2012-2013 онд тавьсан байна. Үүнийг тухайн үед Оюутолгойд ажиллаж байсан эх сурвалжууд ч бататгаж байгаа юм. Зарим мэдээлэлд уг замыг “Монроуд” ХХК, “Алтайн зам” ХХК-иуд тавьсан гэжээ.
Мөнхүү Д.Дамба-Очир гишүүний хамаатны нэр бүхий хүмүүс Оюутолгойд ханган нийлүүлэгч хийдэг гэх мэдээлэл явдаг. Гэвч ААН-ийн нэр, ханган нийлүүлэлтийн төрөл зэрэг мэдээллүүд ил гараагүй байгаа билээ. Ажлын хэсэг байгуулагдах үеэр Д.Дамба-Очир гишүүнийг эрх ашгийн зөрчилтэй гэх мэдээллүүд хөвөрч байв. Тэрээр энэ талаар өөрийн нүүр хуудастаа “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянах, шалгах ажлын хэсэг байгуулагдаж, миний бие ажлын хэсгийн ахлагчаар томилогдсонтой холбоотой санаатай болон санаандгүй дайралтууд их ирж байна. Үүнийг ч буруутгахгүй, бас үгүйсгэхгүй хүндэтгэж байна.
Ажлын хэсгийн ахлагч, монгол хүний хувьд олон жил маргаан дагуулсан энэхүү гэрээний ҮНЭН болоод БОДИТ байдлыг гаргаж тавья гэсэн итгэл үнэмшил байна шүү. “Эрдэнэт” үйлдвэрээс хэд дахин их нөөцтэй энэ орд Монгол Улс, монголчуудад ашигтай байх ёстой гэсэн бат итгэл тээж явдаг хүний хувьд энэ гэрээг хянах хариуцлагатай үүрэг надад оногдлоо. Үнэнийг ил болгохын төлөө би ажиллана” хэмээн мэдэгдсэн байдаг.
 
ХОЁР: ОЮУТОЛГОЙГ ШҮҮМЖЛЭГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН
 
Оюутолгойн гэрээний асуудал, 34 хувьд ногдох үр ашгийн талаар нэлээд идэвхтэй дуугарч ирсэн гишүүдийн нэг бол Б.Бат-Эрдэнэ. Ажлын хэсэгт багтсан гишүүдээс хамгийн тулхтай, аливаад бас чиг хөлбөрөөд байхгүй болов уу гэсэн өнцгөөс түүнийг харж болно.
Тэрээр нэгэнтээ “Бид татвар нэмэхийн оронд том ордууд дээрх луйврын гэрээгээ эргэж харах хэрэгтэй. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хоёр тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Ажлын хэсгийн гишүүд 3.5 ам.долларын зөрчил байна гэж яриад байна. Үүнийг Дубайн гэрээгээр хаачихсан гэж тайлбарлаж болохгүй. “Рио Тинто”-гийн төлөөлөгчийн газар Монгол Улсад нээгдлээ гээд хүмүүс баярлаад байх юм. Үнэндээ баярлах зүйл биш.
Оюутолгойн сул авчихсан Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг авах сонирхол цаана нь байгаа.Төлөөлөгчийн газраа нээж байгаа нь Монгол дахь хайгуулын ажлуудаа эрчимжүүлэх зорилго агуулж байгаа. Бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээний газар нутгийг хайгуулын лиценз нэрээр авчихсан байдаг. Энэ мэт том асуудалдаа анхаарлаа хандуулж ажиллахад юун долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, тэр байтугай боломж бидэнд гарч ирнэ” хэмээсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
 
ГУРАВ: Н.АМАРЗАЯА ГИШҮҮН ОЮУТОЛГОЙН САНХҮҮЖИЛТЭЭР БАРИГДСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТЕНДЕРИЙГ НАЙЗДАА АВЧ ӨГСӨН ҮҮ
 
Ажлын хэсэгт сонгогдсон бас нэг сонирхолтой гишүүн бол Өмнөговийн гэх тодотголтой Н.Амарзаяа. 2016 оны улс төрийн сонгуулиар МАН парламентад үнэмлэхүй олон суудал авах үед тэрээр Өмнөговь аймгаас сонгогдсон билээ. Түүнийг байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилсан, сонгогчидтойгоо уулзахдаа “Та нараас гуйж сонгогдоогүй” хэмээн загнасан гэх мэт шүүмжлэл нэг хэсэгтээ л дагасан.
Н.Амарзаяа гишүүн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч, “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх лобби бүлэг” гэгчийг байгуулаад нэлээд удаж буй. Гэвч уг лобби бүлэг өнөөг хүртэл чухам юу хийж гийгүүлсэн нь тодорхойгүй байгаа нь үнэн. Тэрээр Өмнөговийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх нартайгаа ойр харилцаатай гэгддэг.
Улмаар Н.Амарзаяа гишүүн Оюутолгойгоор овоглогддог “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг өөрийн сайн найздаа авч өгсөн гэх. Түүний найзын гэгддэг “Говийн өгөөж” ХХК-д олгосон уг тендерийг илтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэх шүүмжлэл хөвөрдөг зэрэг мэдээллийг эх сурвалжууд өгөв.
УИХ-ын дарга М.Энхболд ажлын хэсэг байгуулахдаа тойргийн гишүүнийг багтаах шаардлагатай гэж үзсэн байж болох. Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүн эрх баригч намын 33-ын бүлгийн “шүгэл үлээгчид”-ийн нэг. Тиймээс шууд байдлаар сонгоход асуудалтай. Нөгөө талд АН-аас сонгогдсон Б.Наранхүү гишүүн Төрийн ордонд ховорхон харагддаг тул ажлын хэсэгт багтаах нь бөөн шүүмжлэл дагуулах эрсдэлтэй билээ. Нэг ёсондоо Н.Амарзаяа гишүүн Өмнөговь аймгаас сонгогдсон тул сонголтгүйгээр ажлын хэсэгт багтсан гэхэд болно.
 
ДӨРӨВ: Я.СОДБААТАР: МОНГОЛ УЛС ОЮУТОЛГОЙН 34 ХУВИАС 
ТАТГАЛЗАХ ЁСТОЙ
 
Ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатар “Улс орны эдийн засаг, язгуур эрх ашиг талаасаа ч тэр, бид асуудлыг нэг талд гаргая гэвэл Монгол Улсын Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой. Бид 34 хувиасаа татгалзаад, үүнийгээ роялтид шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Нэг ёсондоо бид борлуулалтын орлогоос нь шууд роялти авдаг байвал компанийн дотоод үйл ажиллагаа руу орох, менежментэд нь хяналт тавих зэрэг шаардлага үүсэхгүй. Оюутолгой төсөл дээр явагдаж буй төрөл бүрийн худалдан авалт буруу, зөв болсныг шүүмжлэх шаардлага ч гарахгүй” гэсэн байр суурийг саяхан хэвлэлд илэрхийлсэн нь бий.
УИХ-ын нэр бүхий гишүүд яг энэ байр суурийг илэрхийлдэг. Энэ байр суурийг өмнөх парламентын үед ч гишүүд илэрхийлдэг л байсан. Гэхдээ яг ажлын хэсэг гарчихсан, Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж байх үед илэрхийлэх байр суурь мөн үү гэдэг нь анхаарах л өнцөг.
Я.Содбаатар “Би ажлын хэсгийн гишүүдийг эрх ашигтай гэж харахгүй байна. Монголчууд цөөхөн. Мэдээж монголчууд Оюутолгой төсөлтэй гүн холбогдсон. Наад захын жишээ татахад, өчнөөн айл өрхөөс Оюутолгой төсөлд ажиллаж байгаа. Жишээ нь, таны хамаатан Оюутолгойд ажилладаг байлаа гээд та ашиг сонирхлын зөрчилтэй болчихгүй биз дээ” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
 
БУСАД: Б.ЖАВХЛАН, З.НАРАНТУЯА, А.УНДРАА НАР ГОЛЧ, 
АЖИЛ ХЭРЭГЧ БАЙЖ ЧАДАХ УУ-
 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг олон нийт, улс төрчид, мэргэжлийн хүрээнийхэн янз бүрээр хүлээж авсан. Гол нь, яг сайн чадамжтай баг бүрдсэн эсэх ихээхэн эргэлзээ төрүүлж буй нь нууц биш. Ажлын хэсгийн гишүүдээс эзэмшсэн мэргэшил, асуудалд хандах хандлагаараа арай “гялгарууд” нь З.Нарантуяа, Б.Жавхлан, А.Ундраа нар юм.
УИХ дахь АН-ын бүлгийн ганц шигтгээ болсон З.Нарантуяа гишүүн аливаа асуудлыг судлахдаа тоон статистик, мэдээлэл, баримтыг хамгийн сайн ашигладаг. Банкны салбарын хүн учраас асуудалд харьцангуй шинжлэх ухаанч, төв ханддаг. Ажлын хэсэгт О.Баасанхүү, З.Нарантуяа нар өөр намыг төлөөлж байгаа гэдэг үүднээс нэг ёсондоо хяналтын үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг.
Б.Жавхлан, А.Ундраа нарын гишүүдийн тухайд ч тэр асуудлаа сайн судална. Харьцангуй ажил хэрэгч хандана гэсэн горьдлого төрүүлж буй юм. Эдгээр гишүүд дээр Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар нэмэгдэж  байгаа.
 
-ШАЛГАЛАА, ДҮГНЭЛЭЭ. ҮР ДҮН ГАРАХ УУ-
 
2010-2012 онд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас бүрдсэн ажлын хэсэг Оюутолгой тойрсон асуудлыг нэг жил гаруй шалгаж, 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэдэг. Тус шалгалтаар хүний санаанд оромгүй өчнөөн зөрчил илрүүллээ хэмээн ажлын хэсгийнхэн хэвлэлд дурдсан нь бий.
Тухайлахад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардалд, Монгол Улсад бүртгэгдээгүй, гадаад улсад байгуулсан Төлөөлөгчийн газрын зардлыг оруулсан, Хятадаас нэг тонн цементийг 50 ам.доллараар авдаг байхад Оюутолгойд 110 ам.доллараар, нэг тонн тутмын тээвэрлэлтийн зардал 5-7 ам.доллар байхад 70 ам.доллараар тооцсон гэхчилэн зөрчлүүд нэрлэгдэж байв.
Гэвч ажлын хэсгийн энэ дүгнэлтээс ямар үр дүн гарав гэдгийг өнөөдөр Д.Тэрбишдагва гишүүнээс асуухад илүүдэхгүй. Манайхан шалгаад л байдаг. Зөрчил илэрлээ л гэдэг. Хэвлэлээр баахан ярьдаг. Тэгээд эцэст нь ямар үр дүнд хүрдэг билээ гэдгээ өнөөдөр бодитоор ярих учиртай.
 
Medee.mn
Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: