Б.Чойжилсүрэн: 18 тэрбум төгрөгийн татвар илүү төлснөө буцааж авсан
2018-08-03 08:25:09
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшдэг “Хурд групп”-т НӨАТ-аас 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнгөрсөн пүрэв гаригт мэдээлэл хийлээ.
Х.Бат-Ялалтын ирүүлсэн хүсэлтийн дагуу уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзжээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “НӨАТ гэдэг нь өртөг бүрдүүлэх явцад, худалдан авалт, борлуулалтын дүнгээр улсын төсвөөс буцааж авах эсвэл улсын төсөвт төлөх харилцаатай хууль юм. Энэ дагуу миний эзэмшлийн “Хурд групп” нь 2010- 2013 оныг дуустал татварын илүү төлөлтөө хүсэлт гаргаж баталгаажуулсан. Ингээд долоон тэрбум 135 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тогтоосон актыг 2014 онд ирүүлсэн байна. Үүний дараа 2014 оны нэгдүгээр сараас 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ныг хүртэлх НӨАТ-ыг тооцож, 2017 онд хоёр дахь актыг гаргасан. Нийт баталгаажсан үнийн дүн нь 22 тэрбум 322 сая төгрөгийн авлагатай гэдэг нь тогтоогдсон байна. Энэ дагуу Татварын ерөнхий газраас НӨАТ-ын эргэн төлөлтийг баталгаажуулж, Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсний дагуу буцаан олголтыг олгодог хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд “Хурд групп” 18 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг илүү төлснөө авсан” гэлээ. Түүнчлэн шаардлагатай бол холбогдох бичиг баримт, мэдээллийг өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн юм. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.   
-Буцаан олголт бус илүү төлөлт юм байна. Яагаад 36 тэрбум төгрөг гэж мэдэгдсэн юм бол?
-Сангийн яамнаас найман тэрбум болон 10 тэрбум төгрөгийн хоёр удаагийн гүйлгээг хийсэн байна. Нийтдээ 18 тэрбум төгрөгийг хоёр удаагийн гүйлгээ хийснийг хоёр удаа 18 тэрбум төгрөгийн гүйлгээ гэж ойлгон, олон нийтэд мэдээлсэн бололтой. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Сангийн яамнаас дахин тодруулж, тайлбарыг нь авсан байгаа. 
-Илүү төлсөн татвар гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү. Ямар тохиолдолд илүү төлсөн гэж үздэг юм бэ?
-Жишээлбэл, “Хурд групп” нь барилгын үйл ажиллагаа голчлон явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа цемент, барилгын материал худалдан авахад илүү төлсөн НӨАТ нь борлуулалтаас илүү гарчихсан учраас ийм зүйл үүссэн. НӨАТ-ын тухай хуулийг 15 дугаар зүйлд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. 
-Тост тосон бумбын нуруунд байрлах таны эзэмшил бүхий уул уурхайн компанийн асуудал олон жил яригдлаа. УИХ-ын гишүүний ёс зүйн үүднээс энэ компаниас нэрээ татаж авч болдоггүй юм уу?
-2004 онд уг 11187 тоот лицензийг гадаадын хөрөнгө оруулалттай компани авсан байдаг. 2010 оны жилийн эцсийн дүнгээр уг ордод хөрөнгө оруулалт хийж, хайгуул явуулах нь ашиггүй гэж үзээд Монголын компанид зарах шийдвэрийг гаргасан байна. Ингээд миний эзэмшдэг “Соут гоби коал транс” компанид худалдаж авах саналыг тавьсан. Энэ дагуу манай компани гурван сая 600 мянган ам.доллароор лизенцийг худалдаж авсан байгаа. 2010, 2011, 2012 онуудад хайгуул хийсэн нь үнэн. Гэхдээ лицензийн талбай нь Тост тосон бумбын нуруунаас 50 км-ын зайд, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай зэрэгцээ байдаг. Монгол Улсын хуулийн дагуу хайгуулаа хийж, ашиглалтын лицензээ авсан. Нутгийн иргэд ус, булаг, шандад нөлөөлөхгүй гэдгийг мэддэг учир эсэргүүцэл илэрхийлдэггүй. Харин бусад хүмүүс улстөржүүлдэг. Үүний цаана ямар зорилго байгааг мэдэж байгаа байх. Түүнээс хууль зөрчсөн тохиолдол байхгүй. 
 
Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: