АТГ болон Ардын засгийн сайдуудын аль нь ашиг сонирхлын зөрчилтэй вэ
2018-09-17 03:51:16

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа гарагт ноцтой мэдээлэл хийсэн. Ингэхдээ Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрчим хүчний яамыг онцлон, тэнд хуулийн хийдэл, зөрчил байгааг танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор дээрх гурван салбарын сайд ч байр сууриа илэрхийлэв. Гэхдээ хууль хүчний байгууллагаас өгсөн мэдээлэл салбарын сайдуудын тайлбар хоорондоо зөрчилдөж байгаа юм.

Үг, үсгийн зөрчилдөөнөөс гадна анхаарал татсан зүйлс ч байна. Тухайлбал, АТГ-аас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийг яамандаа ажилд авсан тухай мэдээлсэн. Харин Эрүүл мэндийн сайдын тайлбарлаж буйгаар АТГ-аас зөвшөөрөл өгсөн хүмүүсийг Төрийн нарийн бичгийн дарга нь томилсон аж. 

Тийм бол АТГ өөрсдийнхөө хийсэн үйлдлийн эсрэг яваад байна гэж ойлгогдоно. Өөрсдийн зөвшөөрч, ажилд томилуулсан хүмүүсээ хожим нь эрх ашгийн зөрчилтэй албан тушаалтан хэмээн зарлах болсон нь тухайн байгууллагын алдаа гэж ойлгогдохоосоо илүү Эрүүл мэндийн сайдад санаатайгаар мэх бэлдсэн, эсвэл хэрэгтэй үедээ гаргаж ашиглах арга заль байх магадлалтай гэж хардахаар байгаа юм. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хамаарал бүхий компанидаа төслийн мөнгөнөөс гаргаж өгсөн гэдэг мэдээллийг эрс үгүйсгээд зогсохгүй АТГ-ыг улс төрийн зорилготой мэдэгдэл хийлээ хэмээн шулуухан зарлалаа. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хувьд салбарт нь гарсан ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тендерийн асуудлыг өөрт нь огт хүртээлгүй, хамаатан саднаас нь хэн нэгэн, ямар нэг байдлаар тендертэй холбогдсон асуудал байхгүй талаар ярив. 

Ингэж нуршихаас илүү АТГ-ын албан сайтдаа нийтэлсэн мэдээлэл болон сайдуудын тайлбарыг харьцуулан сонирхуулья. АТГ-аас “Д.Сарангэрэлийн төрсөн хүү Х.Улам-Өрнөх нь Д.Өнөболдод Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллахыг санал болгосноор томилогдсон. Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл сайдыг УИХ-ын гишүүн байхад дөрвөн жил туслахаар нь ажиллаж байсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Иймд Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлд Эрүүл мэндийн яам дахь Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 35.1.2-т заасныг хэрэгжүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн” гэсэн байв. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудастаа “Авилгатай тэмцэх газарт хоёр монгол залуу мэргэжилтэн, хэлтсийн дарга хийх нь ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй. Яадаг юм. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Сайд аа, АТГ-аас тэр хоёр хүнийг ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсэн болохоор тушаал гаргачихлаа гэсээр ТНБД орж ирсэн. Тэд туршилтаар ажиллаж байгаа. Энэ хоёр залуутай гэр бүл, найз нөхдийн байтугай нутаг усны ч холбоогүй. Сайхан сэтгэлт хүмүүсийн урмын үг, тус дэмээр би өдий зэрэгт хүрсэн. Ажил хөдөлмөр эрхэлж амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон залуусыг цаашид ч дэмжих болно” гэсэн юм.

Мөн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй. Гэхдээ  хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Хэвлэлүүдээр бичигдсэн шиг газрын даргаар томилсон асуудал байхгүй ээ. Төрийн өндөр албан тушаалд тавигдах шалгуур гэж бий. Ажилласан хугацаа, эзэмшсэн мэргэжил, мэргэшил гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх учиртай. Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн маань найз нөхөд манайхаар орж гарсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл миний хүүд Ө гэдэг найз байгаагүй. Бүх зүйл хууль журмын дагуу явагдсан. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсний дагуу томилгоо хийгдсэн” гэсэн байна. 

Мөн АТГ-ын цахим хуудаст “Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл бүрдүүлж байна” гэжээ. Ямар албан тушаал хашиж байсан хүмүүс хэдэн төгрөгийн тендер авсныг АТГ-ын вэб сайтад дэлгэрэнгүй жагсаасан байгаа юм. Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгсөн. Энэ мэдээллийн талаар тайлбар хиймээр байна. Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж, 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл байгаа юм. Тухайлбал, манай станцад инженер хийдэг хүн ч юм уу, эсвэл түүний компани өөр газар ажил авах асуудал байх гэж ойлгосон. Надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн. АТГ-аас өгсөн мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. АТГ-ын сайтад байгаа мэдээлэлд ч нэр минь байхгүй гэдгийг хэлмээр байна. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа. Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Тухайн хүн тендерт оролцож байгаа тохиолдолд заавал мэдүүлэг өгөх ёстой” гэж байв. 

Түүнчлэн АТГ-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна” гэжээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичдэг. Хардах эрх хэнд ч бий. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. 

УИХ-д сонгогдсон олон гишүүд ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан. Бид богино санах ойтой байж болохгүй. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсаац гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Жишээ нь АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа. Наадмын дараа АТГ манай яаман дээр мэдэгдэл өгөхдөө “Төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн байсан. Яамны 30 жилийн ой тохиох үед дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг гараад, ном журмын дагуу ажлаа хийгээд явсан. Би бол улс төрийн зорилготойгоор мэдэгдэл хийсэн гэж харж байна. АТГ-ын шалгалт хууль журмын дагуу явагдах байх” гэжээ. 

Ийнхүү АТГ-ын мэдэгдэл, сайдуудын яриа олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв боллоо. Гэхдээ АТГ гэдэг бол няцаагдашгүй бодит нотолгоо, баримтаар ярьж байх учиртай байгууллага билээ. Харин хүүхэд нь санал болгосон юм байна хэмээн таамагласан шинжээр ярьж “болзошгүй”, “олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна” гэх мэт үгийг ашиглаж буй нь оновчтой юу. Эсвэл зориуд олон нийтийг турхирах, албан тушаалтнуудыг харлуулах гэсэн үйлдэл байв уу гэдэг нь таамаг юм. Олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр хууль хүчний байгууллагуудыг улс төрийн тоглоомонд оролцдог тухай яриа гарсаар ирсэн. Энэ явдал түүний нэг жишээ болох эсэхийг ирэх өдрүүдэд АТГ-ын зүгээс шинээр баримт, нотолгоонуудаа баяжуулбал харж болох биз ээ. Түүнчлэн хэрэв АТГ бусдыг гүтгэсэн, нэр төрийг санаатайгаар унагасан байвал Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдын адил албан байгууллага 20 сая төгрөг, хувь хүн хоёр төгрөгөөр торгуулах уу гэдэг ч сонин асуулт. Жирийн сэтгүүлчид бол ийм мэдээлэл цацаад, тэр нь нотлогдохгүй бол торгууль, ялнаас мултардаггүй билээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: