Сайд Ц.Даваасүрэн "Салхи эрхшээхийн эсрэг"
2018-09-27 08:09:24

-Тэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж хүлэмжийн хийг дэмжих үү-

Одоогоос сар гаруйн өмнө АТГ-аас сар бүр олон нийтэд мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагнадаг уламжлалт хэвлэлийн хурлынхаа үеэр “Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүс хамаарал бүхий компаниуддаа 5.8 тэрбумын тендер өгсөн, түүнийг нь хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр сайдынх нь нэрийг дурдаагүй, сайд ч гэж хэлээгүй байтал ердөө маргааш нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ихэд тэвдэнхэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж, “Би ямар ч хамаагүй, миний хамаарал бүхий хүн тендерт орсон бол би сайдын ажлаа өгөхөд бэлэн” хэмээн мэдээлэл хийв. Тэрбээр энэ үеэр Эрчим хүчний салбараас цалин авчихаад бизнес хийж болохгүй. Эрчим хүчний салбарт ажилладаг мөртлөө эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад ажил авсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. ЭХЯ-нд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг хүн байгаа. Би тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай бичиг хүргүүлсэн” гэж ярьсан юм.

Тэр ингэж л уснаас хуурай гарч чаддаг хүн. Түүнийг ямар үед МАН-д орж, МАХН-д урваж, бас МАН-д эргэн ирж байсныг сайтар ажиглаарай. Хувийн амбиц асар өндөртэй энэ хүний мэдэгдлүүдийн дийлэнх нь нийтлэг эрх ашгийн төлөө бус арай л явцуу байх шиг харагддаг. Оюутолгойн “мөнхийн дайсагнагч” мэт авирладаг тэрбээр энэ Засгийн газарт, У.Хүрэлсүхийн танхимд ямар шалтгаанаар, бүр Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа нь ойлгомжгүй. Энэ нь улс төрийн тохироо байлаа гэхэд сүүлийн үед өөрийнхөө салбарыг өөрийн гараар сийчиж, хагалан бутаргаж байгаа нь анзаарагдах боллоо.

Хэрэв тэр туйлын сайн сайд байсан бол “Улаанбаатар нэг ширхэг хэрээнээс болж харанхуй хот болов” гэсэн яриа гарах уу. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч 2018 оны есдүгээр сарын 15-ны 09.54 минутад технологийн зөрчлөөс болж 0 зогсов. Газар дээр ньь ажилласан хүмүүст Шадар сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар ажилласан тухай мэдээ урсаж “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдээс хүлцэл өчив. Харин сайд Ц.Даваасүрэн “Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна” гэж өөрийн мэдлэггүйг гайхуулж өнөөх учир битүүлэг “нэг хүн”-ээ хэнд ч юм бэ, ховлосоор...Мэргэн ардуудын дуулдагчлан “Тавхан үгэнд танигдаад байдаг юм аа” гэдэг энэ. Ажлын арга барил нь тийм.

Бодлогын хувьд...? Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хийг ялгаруулахын эсрэг дэлхий нэгдээд байгаа энэ үед түүнд Киотогийн протокол, Парисын гэрээ зэргийг сануулахгүй бол “Хүлэмжийн хий ялгаруулахыг дэмжсэн” Эрчим хүчний сайдаар тодорч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж мэдэхээр байна. Энэ бол Оюутолгойн эсрэг гэдгээс тэс өөр цар хүрээтэйг сануулахад илүүдэхгүй болов уу. Монгол Улс 1997 онд Японы Киото хотод болсон хуралдааны үеэр тус протоколд нэгдсэн. Энэ протоколд нэгдэн орсон улс гүрнүүд 2008-2012 он гэхэд 1990 оныхтой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаралтыг 5 хувиар бууруулсан байх гэсэн том хариуцлагыг хүлээсэн. Киотогийн протоколд нэгдэн орвол холбогдох байгууллагаас нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх тухай ч гэрээнд тусгасан нь бий. Гэвч манай төр нүүрсийг дэмжиж хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг үйлдсэн гэхэд худлаа хэлсэн гэхгүй байх. Ийм гэмт бодлого үйлдсэн Засгийн газар дэлхийн түүхэнд хэр олон бол?
Үүний дараа, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Парисын гэрээ”-г батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүчийг ашиглах тухай түүхэн гэрээг 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор байгуулахад Монгол Улс багтсан. “Парисын гэрээ”-ний гол зорилго нь энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг 20С-ээс бага хэмжээнд байлгах, аж үйлдвэржилтийн өмнөх түвшинд температурын өсөлтийг 1.50С-ээр хязгаарлах хүчин чармайлт баримтлах явдал юм. Түүнчлэн гэрээгээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэчилсэн төлөвлөгөөгөө 5 жил тутамд танилцуулахыг зорилт болгожээ. Мөн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулан 2020 он хүртэл 100 тэрбум ам.доллар санхүүжүүлэх замын зураглалыг тодорхойлохоор оролцогч талууд шийджээ. Гэтэл 100 тэрбум ам.долларын санхүүжилтээ хайх бус ОХУ-аас гуйсан 100 тэрбум рублийг “УБТЗ” ХНН-ийнхантай “гуялахаар горьдож” суугаа юм даг уу даа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах” санал гаргасан. Тэрбээр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна. Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт 5350 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно” гэхчлэн танилцуулсан.

Багануур дээр 350 МВт-ын хүчин чадалтай, хоёр генератортай станц барина гээд байгаа. Гэтэл ТЭЦ-4 380 МВт-тай, ганц осол гарахад бүгд дагаад унаж байна шүү дээ. Тиймээс Багануурт ийм станц барьж болохгүй.Мөн нөгөө талаар нарны цахилгаан станцыг хөгжүүлж болохгүй гэдгийг харууллаа. Нарны станц 300 МВт хүрэхээр гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно” гээд ярьж байв. Тэгснээ арваад хоногийн өмнө буюу энэ сарын 18-ны “Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа “Нар салхины цахилгаан станцын асуудлыг цэгцэлнэ. Нар салхины цахилгаан станцууд 100 МВт зайн үүсгүүртэй болох шаардлагатай байна. Ийм үүсгүүртэй болсон тохиолдолд нарны туяа бага байх үед зайн үүсгүүрт залгагдаад, 6-9 цагийн ачаалал даах боломжтой болно. Их ачаалал өгснөөр наргүй болсон үед ийм төрлийн аваар гарвал юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй” л гэж ярьжээ. Мөн “Нарны эрчим хүчний 21 компанийг зогсооход над руу дайрч байна” гэж шоудахаа ч мартаагүй юм.

Дашрамд дурдахад Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх чиглэлээр манай улсад 40 сая ам.долларын зээл олгохоор болсон бөгөөд энэ хөрөнгөөр баруун аймгуудад 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулна гэж Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байна.  ОХУ-аас гуйсан зээл орж ирвэл ДЦС-ыг сайжруулахад зарцуулагдана. Энэчлэн их эрх мэдэл, том хөрөнгө оруулалт дунд эрх дураараа байхын тулд хэзээ ч, хэнийг ч “гал руу түлхэж” мэдэх гайхамшигтай эр зориг түүнд бий.

 

Эх сурвалж: 24tsag.mn, О.Балдан-Очир

Сэтгэгдэл бичих хэсэг

Нэр:
Сэтгэгдэл: